USA доллар
13°CЧойр хот

2022 оны Монгол сакура Буйлс цэцэглэх хавар эвент

2023-04-19    185

ГОВЬСҮМБЭР АЙМАГ

“МОНГОЛ САКУРА-БУЙЛС ЦЭЦЭГЛЭХ ХАВАР” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН

2022.05.16

“Монгол сакура-буйлс цэцэглэх хавар” аялал жуулчлалын эвент арга хэмжээг 2022 оны 05 сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний зорилго нь  Боржигины соёлын голомт нутаг Говьсүмбэр аймгийн улсын тусгай хамгаалалттай Чойрын богд уулын бүс нутагт тусгай сонирхолын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Монгол сакура” буюу буйлс цэцэглэх үеэр иргэд, аялагчдад зориулсан аялал жуулчлалын  хаврын эвент арга хэмжээ зохион байгуулах замаар  боржигин өв соёлыг сурталчилах, хүн, байгалийн шүтэлцээ, орон нутгийн уламжлалт идээ ундааны соёл, ач холбогдлыг сэргээх, түгээн дэлгэрүүлэх замаар эдийн засаг, соёлын эргэлтэнд оруулах, цаашид тогтвортой хөгжүүлэхэд оршино.

Зорилтууд:

  1. Соёлын аялал жуулчлалын чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах
  2. Хуурай хээрийн бүсийн байгалийн өвөрмөц шинж төрхийг агуулсан ”Чойрын богд” уулын тусгай хамгаалалт газрын орчны бүс нутагт “Монгол сакура” буюу буйлс цэцэглэсэн орчинд  байгаль түүхийн  дурсгалт газраар аялах хаврын  эвент арга хэмжээтэй болох
  3. Боржигин өв соёлын нэг болох нутгийн уламжлалт идээ ундааны онцлог, өв уламжлал, ач холбогдлын талаас нь зөв мэдлэг, мэдээлэл өгөх, танилцуулах
  4. Орон нутгийн хоол, хүнсний чанарын нэршил \брэнд\- бүхий бүтээгдэхүүн бий болгох. Цаашдын аялал жуучлалын инноваци, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ахиц дэвшил гаргах, орон нутгийн аялал жуучлал, хүнс, хоол үйлдвэрлэл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цар хүрээ өргөжиж иргэд, аж ахуйн нэгжийн  үйл ажиллагааг дэмжих, таниулах, сурталчилах

Ерөнхий зохион байгуулагчид:

-           Говьсүмбэр аймгийн ЗДТГазар

-           Байгаль орчин, аялал жуучлалын газар

-           Говьсүмбэр аймгийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагууд

-           Говьсүмбэр аймгийн Аялал жуулчлалын холбоо

-           “Боржигин голомт” аялал жуучлалын цогцолбор

-           “Монголын  гастроном” аялал жуулчлалын холбоо

            Хамрагдсан дотоодын аялагчдын тоо: 3500 хүн, 400 гаруй машин

            Хамтран ажилласан байгууллага, иргэд: 20 байгууллага, 174 хүн

“МОНГОЛ САКУРА-БУЙЛС ЦЭЦЭГЛЭХ ХАВАР” ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ:

“БОРЖИГИН ИДЭЭНИЙ УЛАМЖЛАЛ СОЁЛ” ФЕСТИВАЛЬ

Хамтран ажилласан: “Монгол гастроном” аялал жуулчлалын холбоо

 Боржигин идээ зоогны уламжлалт соёлыг харуулсан үндэсний хоол, идээ ундааны үзэсгэлэн дэлгэж, боржигин хоолны фестивалийг хамтран зохион байгуулж, Сүмбэр сумын 5-р цэцэрлэг, ДСБНТ ХХК-Dream ресторан, Шивээ сервис ХХК, хамт олон, Боржигин боовны өв соёл, уламжлалыг сурталчилсан Г.Цогтгэрэл, боржигин хийцтэй цайны өв соёл, уламжлалыг сурталчилсан Б.Номин-Эрдэнэ нарт орон нутгийн ялгарал бүхий брэнд бий болгох, уламжлалт хоол, зоогийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох гадаад, дотоодод сурталчилан таниулах зорилготой арга хэмжээнд амжилттай оролцсон тул үндэсний хоол үйлдвэрлэгч БАТЛАМЖ хадгалуулсан.   Боржигин их өвгөдийн идээ зоогноос дэлгэхэд Хубилай хааны үед хэвлэгдсэн монгол хоолны номонд 500 гаруй жор бичигдсэн байна гэж энэхүү боржигин хоолны фестивалийг хамтран зохион байгуулсан "Монгол Гастроном" аялал жуулчлалын холбооны тэргүүн Мөнхсайхан ярьсан. Бидний мэддэг л дайвар болон цагаан идээ, жимс жимсгэнэ, ангийн махаар амттай сайхныг хоол урласан. Боржигин боов, борэигин хийцтэй цай чанаж, орц жор, хийцийг таниулах зорилготой бичлэг хийж Сүмбэр сумын иргэн Н.Цогтгэрэл, Шивээговь сумын иргэн Б.Номин-Эрдэнэ нар оролцсон. Иргэдэд хоолны амталгаа зохион байгуулахад иргэд өргөнөөр үйлчлүүлж, сэтгэл ханамж өндөр байсан. Боржигин уламжлалт хоолны технологи бий болсон.

ЧОЙРЫН БОГД УУЛ БУЙЛС ҮЗСЭН АЯЛАГЧ, АМРАГЧИД

Монгол буйлс нь говиор уул толгодын хад чулуутай энгэр, сайрыг дагаж ургадаг. Мөчир өргөсгүй, навч нь эсрэг өндгөн юмуу уртавтар зууван хэлбэртэй, 2-3 см урттай, навчны зах хурц хөөрөн шүдлэг цэцэг нь тод ягаан өнгөтэй, жимс нь жижиг ишинцэр дээр байрлах бөгөөд 4-8 мм голчтой.

Улаан саарал холтос бүхий богиноссон хатгуур, өргөс бүхий мөчиртэй шим тэжээлийн бодис багаар шаарддаг бөгөөд, хөрс хамгаалах ач холбогдолтой ургамал юм. Хавар навчлахаасаа өмнө цэцэглэдэг, цагаан, ягаан том цэцэгтэй. Монголчууд буйлсийг Сакүра гэж ярьдаг. Үзэсгэлэнт сайхан цэцэгтэй байх хугацаа нь 7-10 хоногоос хэтэрдэггүй.

Энэхүү буйлс үзэхээр дотоодын аялагчид байгалийн цогцолборт Чойрын богд ууланд очсон.

“БОРЖИГИН ТҮМНИЙ ӨРГӨЛ” УРЛАГИЙН ТОГЛОЛТ

Эвент арга хэмжээний үеэр Боржигин голомт жуулчны баазын “Харцага” задгай тайз болон Чойрын богд ууланд  Боржигин уртын дууны "Боржигин түрлэг" холбоо, Боржигин чуулга, Шивээговь, Баянтал сумдын Соёлын төвийн хамт олон, Хос эгшиглэн бүжгийн холбоо урлагийн тоглолтоор ард түмний сонорыг мялааж, хамтран ажилласан.  2022 оны 5 сарын 13-нд Боржигин чуулгын уран бүтээлчид  2022 оны 5 сарын 14-нд Боржигин түрлэг холбоо, Шивээговь, Баянтал сумдын Соёлын төвийн хамт олон, Хос эгшиглэн бүжгийн холбоо тус тус урлагийн тоглолт хийсэн.   

 МОРЬ, ТЭМЖЭЭ УНУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

Сүмбэр сумын 2-р багийн иргэн Д.Төгсдорж эвент арга хэмээний үеэр морь, тэмжээ унуулах үйлчилгээ үзүүлж, морины эмээл, хэрэглэлийг сурталчилан таниулахад хувь нэмрээ оруулан ажилласан.

СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ

            Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгч нар үзэсгэлэн худалдаа гаргаж, монгол бичиг, уран бичлэгээр нэр бичих үйлчилгээ үзүүлсэн.

 NOKIA CHOIR болон Э.Олонцэцэг багштай дугуйлангийн сурагчид хамтран ажилласан.

БОРЖИГИН ӨВ МУЗЕЙН ҮЗМЭР, УЛАМЖЛАЛТ ТОГЛООМ НААДГАЙ

            Боржигин өв музейгээс зөөврийн VRBOX-оор музейн танхимд дэглэгдсэн үзмэрүүдээ үзүүлэх, Цайны зам, Чойр уул, Цагаан дарь эх бурхан болон бусад дурсгалуудын талаар тайлбарлан хөтөч тайлбарлагч хийж соёлын биет өвүүдээ сурталчилан оролцлоо.

 ҮНДЭСНИЙ СУРЫН БОЛОН ШАГАЙН ХАРВАА

            Жахрай мэргэн сурын холбоо болон шагайн харвааныхан маань сур, шагай харваж, уухай түрлэг нэмэн эвентийн арга хэмжээний томоохон чимэг болж тэмцээн уралдаан зохион байгуулсан.

 Бэлтгэл ажлын хүрээнд:

  1. Аяалал жуулчлалыг хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. аймгийн Засаг даргын 2022 оны А/132 дугаар захирамж, ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр ажилласан.
  2. Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд уулын байгалийн дурсгалт газарт аялах аялалын маршрут гаргасан.
  3. “Монгол сакура-буйлс цэцэглэх хавар” танилцуулга, шторк бэлтгэж, цахимд байршуулсан.
  4. Хөтөлбөр гаргаж хэвлүүлсэн.
  5. Боржигин өв соёл, уламжлалт идээ ундааг сурталчилсан орон нутгийн “брэнд” хоол сурталчилах үйл ажиллагааны удирдамж, хөтөлбөр боловсруулж, оролцогчдыг бүртгэсэн.
  6. Хамтран ажиллах байгууллагуудтай уулзалт хийж, ажлын төлөвлөгөө гаргасан. /Боржигин голомт жуулчны бааз, Аялал жуулчлалын холбоо, хоол судлаач, холбогдох эд өлгийн зүйлс бүхий иргэн, уран бүтээлчид гэх мэт/
  7. “Боржигин идээний ёс уламжлал”- хоол судлалын талаархи танилцуулга бэлтгэн Монгол гастроном аялал жуулчлалын холбоонд өгсөн.  /Таван өнгийн идээ ундааг нас насны хүмүүс дөрвөн улиралд хэм тэнцвэртэй хэрэглэж ирсэн уламжлалт идээ ундааны онцлог сэдэвт/
  8. Боржигин идээ, хоолны соёлын өвлөн уламжлагчийг танилцуулах, батламжлах батламж хийлгэсэн.
  9. Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийг зорилтот бүтээгдэхүүн бий болгох санал санаачилгыг дэмжиж хамтран ажилласан.
  10. Аймгийн ЗДТГазар, Соёл, урлагийн газар, харьяа байгууллагууд, аймгийн Аялал жуулчлалын холбоо,  “Боржигин голомт” жуулчны бааз, “Монголын  гастроном” аялал жуулчлалын холбоо, соёлын бүтээлч үйлдвэрлэгчид-\ гар урлал, оёдол, уран бичээч, соёлын өв судлаач, гэрэл зургийн студи\,  хүнс, хоолны худалдаа эрхлэгч  иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, арын албанд ажилласан албан хаагчиддаа баярлалаа.

ҮР ДҮН:

  1. Аймаг орон нутгийг сурталчилсан тодорхой онцлог бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болсон.
  2. “Монгол сакура-Буйлс цэцэглэх хавар” эвент арга хэмжээнд иргэд өргөнөөр хамрагдсан. Дотоодын аялагчдын тоо 3500
  3. Аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, боржигин өв соёлоос сурталчилсан.
  4. Орон нутгийн хөдөө аж ахуй, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж хамтран ажилласан.
  5. Байгальд цэвэрхэн аялах, байгаль орчноо хамгаалах сурталчилгаа зохион байгуулснаар энэхүү арга хэмжээнд хог хаягдал бага хаягдсан нь иргэдийн хандлагад өөрчлөлт гарсныг харуулж байна.

Ажлын хэсэг: Аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Боржигин чуулга, Баянтал, Шивээговь сумдын Соёлын төв, Боржигин өв музей, аймгийн нийтийн Номын сан, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрын албан хаагчид ажилласан. Мөн аймгийн Аялал жуулчлалын холбоо, Жахрай мэргэн сурын холбоо, Шагайн харвааны холбоо, Хос эгшиглэн бүжгийн холбоо, Шивээн ганхаа бүжгийн хамтлаг, Монголын радио, МNB сурвалжлагч, Pixi contrast studio LLC бичлэгийн студи, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд ажилласан.

 

 

 

2019 © ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР. ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.